ЖИЖИГ БИЗНЕСҮҮД АМЖИЛТ ГАРГАХАД АНХААРДАГ 7 ЧУХАЛ ЗҮЙЛ

2019 онд гаргасан статистик судалгаанаас харахад стартап бизнесүүдийн 80% нь эхний жилдээ амжилттай явж чаддаг байна. Харин тал хувь нь эхний 5 жилийн дотор бууж өгдөг бол 10 жилийн дараа дөнгөж 33% нь амжилттай үлддэг ажээ. Энэ 33%-д багтаж амжилттай бизнес жишээнд багтахад юу анхаарах ёстой вэ?

Бизнес амжилттай явахад олон шалтгаан байдаг ч ихэнх амжилттай яваа компаниудад ижил төрлийн цөөн хэдэн зүйл бий.  Тэдгээрээс хамгийн түгээмэл тохиолддог 7 зүйлийг жагсаалаа.

БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН ШАЛТГААН

Бизнес эрхлэгч ямар учраас бизнесээ эхлүүлсэн нь амжилттай нягт холбоотой байдаг гэнэ. Таны тэргүүний зорилго их мөнгө олох уу? Эсвэл өөрийн бизнестэй болсноор гэр бүлдээ гаргах цаг их болно гэж бодсон уу? Үгүй бол хэн нэгний дор ажиллахгүй гэж шийдсэнтэй холбоотой юу? Эдгээр нь амжилттай бизнес эрхлэгчдийн хувьд олон жилийн тууштай хөдөлмөрийн үр дүнд өөрсдөдөө олж авсан давуу талууд мөн үү гэвэл мөн. Гэхдээ бизнес эхлүүлэх шалтгаан бол биш юм.

Амжилттай бизнес эхлүүлэхэд ТА:

  • Хийх, эхлүүлэх зүйлдээ бат итгэлтэй, чин сэтгэлээсээ хайртай, дуртай байх. Амжилттай яваа бизнесүүд судалгаа, шинжилгээнд тулгуурласан зах зээл дэх бодит эрэлтийг хангахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаг.
  • Хүсэл, эрмэлзэл, тэвчээр, эерэг хандлагатай байх. Амжилттай яваа бизнесийн удирдлагууд бусад хүмүүс бууж өгч байх үед хэзээ, хэзээнээс илүү итгэлтэй, шийдэмгий болж байдаг.
  • Бүтэлгүйтэлд бүү бууж өгдөггүй тэвчээртэй. Амжилттай яваа бизнесүүд алдаа бүрээсээ суралцаж, дараачийн удаа амжилтад хүрэх шатныхаа гишгүүр болгож ашигладаг. Өөрөөр хэлбэл ихэнхдээ “алдаа, бүтэлгүйтэл бүр нь тэднийг энэ зэрэгт хүргэсэн, алдаа бол суралцах явцад тохиолддог зүйл” гэх нь бий.
  • Ухаалаг, бүтээлч шийдэл шаардлагатай үед өөрөө манлайлж, бие даасан шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Ялангуяа чухал эгзэгтэй, яаралтай цаг үед энэ чадвар бизнесүүдэд тун хэрэгтэй. Тэд бусадтай үнэн шударга, хүндэтгэлтэй, нээлттэй харьцдаг. Учир нь бизнес хийхэд олон төрлийн хувь хүмүүстэй харилцдаг учраас энэ нь заавал сурах чадвар болдог.

МЕНЕЖМЕНТ, УДИРДЛАГЫН ЧАДВАР

Амжилттай бизнесийн хамгийн нэгдүгээрт нэрлэгддэг шалтгаан бол сайн менежмент. Шинээр бизнес эрхлэгсэд санхүү, худалдан авалт, борлуулалт, үйлдвэрлэл, хүний нөөц зэрэг бизнес явуулахад харилцаа хамааралтай бусад салбарын туршлага нэлээн дутдаг. Бизнес эрхлэгч юу болохгүй байгаа, юунд тусламж эрэх вэ гэдгээ цаг тухайд нь олж харж чадаж байвал амжилтад хүрэхийн шинж. Асуудлыг шийдэхийн тулд бизнес эрхлэгч өөрт дутагдаж байгаа чадвараа хөгжүүлэх, чадварлаг ажилтнуудыг хөлслөх, эсвэл мэргэжлийн компаниудыг гэрээгээр ажиллуулах хэрэгтэй.

Гэхдээ бизнесээ үл тоож болохгүй. Тогтмол судалгаа, шинжилгээ хийж, зохион байгуулалт, төлөвлөлт, бизнесийн бүхий л ажиллагаагаа хяналтандаа байлгах хэрэгтэй. Нэгэнт бизнесээ эхэлсэн бол зах зээлийн судалгаа, хэрэглэгчдийн дата, мэдээллийг шинжлэх зэрэг ажлыг хэзээ ч орхигдуулж болохгүйг амжилттай яваа бизнесүүд онцолдог.

Амжилттай менежер гэж ажил дээрх уур амьсгалыг эерэгээр бүрдүүлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж чаддаг сайн удирдагчийг хэлнэ. Мөн чадварлаг мэргэжилтнийг олж авах, сургах түүнчлэн өөрийгөө ч орлохуйц мэргэжилтнийг бэлдэж чаддаг. Сайн удирдагч стратеги сэтгэлгээтэй, бодитоор хардаг, өөрчлөлттэй тулж, шилжилт хийж, шинэ боломжуудыг түрүүлж олж харах чадвартай байх ёстой.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Ямар шинэ бизнесийн хувьд амжилттай ажиллахад хамгийн түрүүнд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад хангалттай эргэлтийн хөрөнгө байх ёстой. Шинээр бизнес эрхлэгчид бэлэн мөнгөний урсгал болон бизнес эхлэхэд шаардагдах мөнгөний хэрэгцээг дутуу тооцох, хангалттай ач холбогдол өгөхгүй байх хандлага их. Үр дүнд нь ашиг олж амжихаасаа өмнө бизнесээ хаах болдог. Мөн борлуулалтын орлогоо хэт өөдрөгөөр тооцсон байх нь бий.

Амжилттай яваа бизнесүүд бизнест хэр их мөнгө хэрэгтэй вэ гэдгийг маш нарийн тооцоолсон байдаг бөгөөд үүнд бизнес эхлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтаас гадна тогтвортой ажиллуулахад хэр их мөнгө хэрэг болохыг багтаадаг. Тэд ашгаа олж эхэлтлээ 1-2 жил болдгийг хатуу санах хэрэгтэй гэж зөвлөж байна. Өөрөөр хэлбэл бүх зардлаа орлогоороо төлөх боломжтой болох хүртэлх хөрөнгө оруулалтыг тооцсон байх шаардлагатай гэсэн үг.

БАЙРШИЛ

Зөв байршил бизнес амжилттай явах гол шалтгаануудын нэг. Таны бизнест хүний хөл хөдөлгөөн, худалдан авагчдад зориулсан мэргэжлийн байршил хэрэгтэй бол хаана байрлахаа заавал тооцох хэрэгтэй. Харин буруу байршилд бизнесээ эхлүүлснээр яаж ч сайн маркетинг хийсэн дампуурах магадлал өндөр.

Заавал бодолцох хүчин зүйлс:

  • Хэрэглэгч хаана байна?
  • Хэрэглэгчдийн урсгал, хүртээмжтэй байдал, автомашины зогсоол, гэрэлтүүлэг
  • Агуулах, эд бараа, төхөөрөмж хадгалах газар
  • Өрсөлдөгчдийн байршил
  • Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл
  • Зарим салбарт зориулагдсан орон нутгаас дэмжих хөтөлбөр
  • Хөгжих, цэцэглэх боломжтой газарт бизнесээ эхлүүлэх

ТӨЛӨВЛӨЛТ

Томоохон үйл ажиллагаа амжилттай зохион байгуулж үзсэн нэгэн бол аливаа ажлын ард гарахад маш болгоомжтой, няхуур, арга зүйч, төлөвлөгөө сайтай, хөдөлмөрч байхгүй бол амжилт өөрөө ирдэггүй гэдгийг мэднэ. Бизнесийн амжилтанд ч энэ хамаатай.

Бизнес төлөвлөгөөг бодитой, няхуур, одоогийн мэдээлэлд тулгуурлан, ул суурьтай тооцоонд суурьлаж гаргаарай.

Төлөвлөөгөөнд заавал багтаах зүйлс

  • Бизнес, алсын хараа, зорилго, амжилтын түлхүүрийг тодорхойлох
  • Зах зээлийн судалгаа
  • Хүн хүчний хэрэгцээ
  • Болзошгүй асуудал, шийдэл
  • Санхүү: эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн жагсаалт, тайлан, орлогын мэдээлэл, бэлэн мөнгөний урсгалын судалгаа, борлуулалт, зардлын урьдчилсан таамаг
  • Өрсөлдөөний судалгаа
  • Маркетинг, сурталчилгаа, идэвхжүүлэлтийн арга хэмжээ
  • Компанийн өсөлт, хөгжилтийг тооцох, төсөвлөх

Нэмж хэлэхэд, танай компанид нэмэлт санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт хэрэгтэй бол банк, санхүүгийн байгууллагууд бодитой бизнес төлөвлөгөө шаарддаг.

ӨСӨЛТ

Бизнес эрхлэгчид хурдан хугацаанд бизнесээ өргөжүүлж чадвал тэр хэрээр хурдан амжилтад хүрнэ гэж төсөөлснөөс бүх зүйлс эхэлдэг. Харин амжилттай яваа бизнесүүд удаан боловч тогтвортой өсөлтийг илүүд үздэг.

Гэхдээ өсөх, өргөжих боломжийн хааж болохгүй. Та нэгэнт хэрэглэгчдийн тогтвортой бааз бүрдүүлсэн, мөнгөн урсгал сайн бол өсөх, өргөжих боломжоо нээж өг. Хэрэглэгчдийн хэрэгцээг цаг тухайд нь хангаж чадахгүй, ажилтнууд ачаалал, захиалгаа хугацаанд нь амжуулах боломжгүй байгаа бол компаниа өргөтгөж, хүн хүч, тоног төхөөрөмжөө нэмэх шаардлагатай боллоо гэсэн үг шүү.

Хэрэв сайн тооцож үзсэний дараа өргөтгөл хийхээр шийдвэл бизнесээ өсгөж, хөгжүүлэхэд юу, хэн хэрэгтэй байгааг гарга. Зөв систем, хэрэгтэй хүмүүсийг авч ирснээр та өөрөө бизнесийнхээ ирээдүйн өсөлт хөгжилд анхаарах боломжтой болно.

ЦАХИМ ОРЧНЫ ХЭРЭГЛЭЭ

Энэ маш энгийн. Өнөө цагт та бизнес эрхэлж л байгаа бол та вэб хуудас, сошиал медиа маркетингийг заавал ашиглах хэрэгтэй. Идэвхтэйгээр шүү.

Зөвхөн манай улсад л гэхэд нийт хүн амын 88,5% нь интернет хэрэглэж байгаа бол сошиал медиа хэрэглэгчдийн тоо аль хэдийнээ 2,3 сая давчихсан өдөр ирэх тусам эрчимтэй өссөөр байна.

Хүмүүс танайхыг хялбар эрж олж, хэрэгтэй мэдээллээ төвөггүй авах боломжтой вэб сайттай болох нь хамгийн эхний ажил.  Танай вэб сайт хаяг, байршил, утасны дугаар, ажиллах цагийн хуваарь зэрэг мэдээллийг агуулсан байхаас гадна Google My Business-д бүртгүүлснээр хайж буй хүмүүст танайхыг олоход хялбар байх болно.

Түүнчлэн танай компани танай хэрэглэгч хаана байна тэнд л байх ёстой. Яг энэ байх ёстой газар нь өнөөдөр Facebook, Instagram зэрэг сошиал медиа талбарууд. Вэб хуудас ашиглан, сошиал медиа сүлжээнд идэвхтэй ажилласнаар хэрэглэгч таны ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг, давуу талууд нь юу? хэрэглэгчдэд яагаад хэрэгтэй гэх мэт мэдээллийг тэр дор нь авч, танайхтай холбогдох эхний цэг нээлттэй байна гэсэн үг.

Ямар ч шинэ бизнесийн хувьд амжилт гэдэг бол бизнес эрхлэгч эзэн та өөрөө юм. Амжилттай яваа бизнес эрхлэгчдэд бүтэлгүйтээгүй түүх гэж үгүй. Хүсэл эрмэлзэл, зорилго, эерэг сэтгэлгээгээр зэвсэглэсэн тэдгээр залуус алдаа, оноо бүрийг сурч, хөгжих боломж гэж харсаар эцэстээ амжилтанд хүрч чадсан юм. Өөрсдийн хүчээр хөлжсөн саятнуудын ихэнх нь дундаж л потенциалтай, энгийн хүмүүс байдаг. Тэд харин шинэ мэдлэгт алхам тутамдаа сурч хөгжсөнөөр бусдаас ялгарч байна.