АВТОМАШИНЫ ЗЭЭЛИЙГ ХУРДАН ТӨЛЖ ДУУСГАХ ҮР ДҮНТЭЙ АРГУУД

Саяхан авсан машины зээлээ хэрхэн богино хугацаанд төлж дуусгах талаар та судалж үзсэн үү. Учир нь автомашины үнэ сар өнгөрөх тусам буурдаг бол зээлийн хүү сар өнгөрөх тусам нэмэгдэж байдаг. Энэ нийтлэлдээ бид харилцагчдынхаа шилдэг туршлагуудаас хуваалцаж байна. Богино хугацаанд, нэмэлт санхүүгийн дарамтгүйгээр зээлээ хурдан төлж дуусгахад тань хэрэг болох болно гэдэгт итгэлтэй байна.

2 ДОЛОО ХОНОГ ТУТАМД ТӨЛ

Зээлдэгчтэйгээ ярилцаад сард нэг удаа биш сарын төлбөрөө хоёр хуваагаад 2 долоо хоног тутам төлж байхаар тохир. Ингэснээр:

  • Төлбөрөө ойр ойрхон төлөх учраас хүүнд бага төлбөр төлөгдөнө.
  • Та жилийн дотор сар бүр төлөхөөс илүү төлбөр төлж амжина. Яагаад гэвэл жилд 52 долоо хоног байдаг, тэгэхээр та жилд 26 удаа зээлийн төлбөр хийж амжина. (Харин та сар бүр төлөх бол 12 буюу 24 удаагийн л төлбөр хийнэ.)
  • Ингэснээр зээлээ төлж дуусгах хугацааг нэлээд хэдэн сараар наашлуулах боломжтой болно.

Гэхдээ дээрх байдлаар зээлийн төлөлтөө хийхийн өмнө зээлдэгчтэйгээ заавал тохиролцож, баталгаажуулаарай. Учир нь гэрээний заалтанд тогтсон хугацаанаас урьдчилж, төлбөр төлөх, илүү төлөлт хийх зэрэгт торгуультай байх магадлалтай.

ТӨЛБӨРӨӨ БҮХЭЛЧЛЭН ТӨЛ

Төлбөрөө бүхэлчлэн төлөх нь санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардахгүйгээр төлбөрийн хугацааг наашлуулах боломжийн хялбар арга. Жишээлбэл сар бүрийн төлбөр 829,120 төгрөг төлөхөөр болсон хэдий ч сарын төлбөрөө 900,000 төгрөг болгон бүхэлчлэж, сар бүрийн нэмэлт төлөлт 70,880 төгрөг байхаар гэрээ хийсэн. 12 сарын дотор нэг сарын төлбөр илүү төлчихнө гэсэн үг. Сард цөөн хэдэн төгрөг нэмж төлснөөр зээлээ дуусгах хугацаагаа богиносгож, бас хүүнд төлөх төлбөрөө ч хэмнэх боломжтой.

НЭМЭЛТ ОРЛОГО БҮРДҮҮЛ

Facebook, unegui.mn гэх мэт онлайн худалдааны платформоор хувцас, ном, хуучин тавилга зэрэг зүйлсээ борлуулж олсон мөнгөө шууд зээлийнхээ нэмэлт төлөлтөнд нэмэрлэж болно. Хуучин зүйлс зарж олсон орлого 20-30 мянган төгрөг л болно хэрэг болох уу гэж бодогдож магад, тийм биш шүү. Мөн та ажлын хажуугаар цагийн ажил хийж сард 200-300 мянган төгрөг олдог бол түүнийгээ шууд л зээлдээ төлөөд байхаар төлөвлө жилд 2-3 сая төгрөг төлчихсөн байна шүү жилийн эцэст.

НЭГ УДААГИЙН НЭМЭЛТ ОРЛОГОО ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХӨД ЗАРЦУУЛ

Байнгын нэмэлт төлбөр төлөх боломжгүй байж болно. Тэгвэл НӨАТ буцаалт, жилийн эцсийн урамшуулал гэх мэт нэг удаагийн орлогуудаа зээлийн төлбөртөө нэмэрлэж бай. Ингэхдээ олон зээлтэй бол хамгийн өндөр хүүтэй зээлээсээ эхэлж төлөх нь зүйтэй юм.

ЯМАР Ч ЗЭЭЛИЙГ ЭРТ ТӨЛЖ, ДУУСГАХЫН ДАВУУ ТАЛ

Кредит карт болон элдэв зээл, төлбөрөө хугацаанаас нь аль болох эрт төлж, дуусгаснаар та тухайн хэмнэсэн хугацааны хүүний төлбөрийг хэмнэнэ. Тэр хэмнэсэн мөнгөө юунд зарцуулж болохоо нэг бодоод үзээрэй: хадгаламжаа нэмэх, гэртээ хэрэгцээт зүйл авах гэх мэтээр өр, зээлээ эрт төлж дуусгахын ашиг тус мэдээж олон бий. Гэхдээ тэдгээрээс хамгийн чухал нь та байнгын стресс, ачаа дарамтаас ангижирна шүү дээ